Thursday, February 28, 2008

Мунхагийн муу хараал нь
Хүлцэнгүй билигийн хуягаар
Хүрэн зүрхээ хуягласан
Мэргэдийн чихнээ ерөөл амуй
Бямбын Ренчин
Монгол хэл агуу -

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

...энгийн энэ хэдхэн үгийг уншаад өөрийн эрхгүй гүнзгий амьсгалж хоолой дээр сонин болно... Монгол хэлний дүрэм, горимыг сайн мэдэхгүй, тоолшгүй алдаатай бичдэг ч монгол хэлний ааг, амт, үнэрийг оюун ухаанаараа биш сэтгэлээрээ мэдэрч уярна...

...гэвч заримдаа энд тэндхийн мэдээ, сонин ухаж суутал дотор муухай болтол эвгүй коммент үлдээсэн харагдана ... зарим нь арай дэндүү, айхтар ууртай, аймшгийн хараалын үгийг зай завсаргүй урсуулна - уншаад л монголын харааллын нэвтэрхий толь уншсан мэт санагдана ... эргэн тойрон болох болохгүй үйлс, нийтлэл тасрахгүй болохоор ийм коммент бичээд хүмүүс бухимдлаа гаргах арга олдог юм болов уу гэж бодоход бас үгүй юмаа ...

... Нууц Товчоог дэлгэвэл:

69. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгүүлрүүн: "Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн өгүүлрүүн: "Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй" гэв. Энэ үгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмүжинийг авч ирэв. [Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, түүнийг сэргээн ятгаж өгүүлсэн нь:

"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай үгээ хэлэлцсэн биш билүү?"
гэж өгүүлбэл уйлахаа зогссон ажээ


- цөөхөн болоод энгийн хэдэн үг харааллаас хүчтэй ухаан ортол цохино ...

... нэг үеийг бодвол манайхан сонингийн нийтлэл, сайт, блог дээр коммент бичих соёл дээрдсэн харагдана ... монголын нэт зөвхөн мэдээ авах эх үүсвээрээс гадна санал бодлоо илэрхийлэх, үзэл санаагаа таниулах, ухуулан сурталчлах, өөрийн мэдрэмж , туршлагаасаа хуваалцах орон зай, хүмүүс хоорондын харилцааны хэрэгсэл болж хувирч байна ... энэхүү шинэ орон зайд шинэ байранд орж байгаа мэт салбаасан хуучин бүхнээсээ салж, нандигнан хадгалсан үнэт бүхнээ хоймортоо залран урагшаа харж өөдөө тэмүүлмээр ... мөрөөдсөөр ...

No comments: